Нохойн хоол буюу эрүүл хоол
Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах, өвчин зовлонгүй эрүүл байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх шимт бодис нь угаагдчихдаг, угаахгүй иднэ гэхээр монголд байгаа бүхий л цагаан будаа чанарын шаардлага хангахгүй болохоор өөр арга байхгүй. Будаа тарианы хальсанд биед хэрэгтэй аминдэм, шимт бодисууд байдаг. Гурил цагаан, нарийн ширхэгтэй болох тусам хэрэгцээт бодисоо алдаж ходоод дүүргэхээс цаашгүй болдог. Болж өгвөл бор , бүдүүн ширхэгтэй болох тусам В төрлийн аминдэм болон эрдсүүд их хэмжээгээр агуулагдана гэсэн үг. Дээр нь бүдүүн ширхэгтэй гурил гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг тул өтгөн хатдаг хүмүүст эм болно. Бор гурил хоол хийхэд ч гэсэн амт нь цагааныг гүйцэхгүй байдаг л даа. Тэгвэл ядаж цагаан бороор нь ээлжлээд худалдаж авч байвал болмоор юм билээ. Геркулес бол хальснаас нь салгаагүй будаа. Алейка гээд Оросын үйлдвэрийн ганц геркулес ч биш гурвалжин будаа, вандуй зэрэг нь бүгдээрээ биед эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй юм байна билээ. Анх намайг геркулесээр гэрийнхэндээ хоол хийж өгөхөд бүгд идэж чадахгүй, ах бүр нохойны хоол юмуу гэж байсан чинь одоо ахын дуртай хоол болчихсон байсхийгээд л намайг хийгээд өг гээд л... . би үнэд орж байгаа юм чинь. Хэрвээ миний блогт саатаж үүнийг уншсан л бол заавал геркулесээр гэрийнхнийгээ дайлна гэж амла... . Би хамгийн амархан бас их амттай нэг жор зааж өгье.
Сүүтэй геркулес
Орц
1. Геркулес будаа 150 грамм(өтгөн шингэнээс хамаарч ихэсгэж багасгаж болно)
2. Сүү 500 грамм
3. Шар тос юмуу цөцгийн тос, масло гээд юуны ч тос болно дөө. Гэхдээ сүүлний, наран цэцгийн тос арай сэрүүдэх байх.
4. Сахар(өөрийнхөө таашаалаар хий. Гэхдээ нэг их нялуун байгаад хэрэггүй.)
5. Давс маш бага
6. Ус 2 л
Хүйтэн усанд геркулесээ хийж хутгаад чанана. Буцлаад Геркулес болоод ирэх үед нь сүүгээ хийж дахин буцалгана. Одоо давс, сахар, тосоор амтлаад л боллоо. Их амттай болно. Хэрвээ энэ таалагдвал гурвалжин будаагаар хуурга хийх арга зааж өгье.